Ямар сэтгэлтэй хүн бэ гэдгийг үгээр нь, үйл хөдлөлөөр нь мэдэж болно. Сайхан сэтгэлтэй хүний үг нь үнэн, мөр нь цагаан байдаг. Муухай сэтгэлтэй хүний үг нь худал, мөр нь хар байдаг. Гаднаа сайхан царай зүстэй, үг нь гоё байж болно. Гэтэл эцсийн дүнд сэтгэл нь муухай тул үйл нь нүгэл болдог. “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт цус” гэж Монголчууд хэлдэг. Сэтгэл сэтгэлийн дотроос энэрэнгүй, асрахуй, өршөөхүйн сэтгэл хамгийн агуу нь юм. Хүнийг өршөөж чаддаггүй, уучилж чаддаггүй хүн эцэсдээ араа шүдээ хавирсан араатан болж хувирдаг. Хүнийг өршөөдөг, уучилдаг, энэрдэг, асардаг, тусалдаг хүн эцэсдээ бурхан болдог.

Хэзээ ч хэнд ч гомддоггүй, хэнийг ч үзэн яддаггүй, хэнд ч атаархадаггүй, юунд ч, хэнд ч шунахайрдаггүй сэтгэл бол агуу их ариуссан сэтгэл юм. Ийм сэтгэл л энэрэл хайраар бялхаж байдаг. Сэтгэлээ шинжиж сэтгэлийн гүн дэх өчүүхэн төдий шунал хүслийг олж, дарж чаддаг хүн бол агуу хүн юм. Сэтгэлийн гүн дэх өчүүхэн төдий шунал хүслээс болж сэтгэл нь шуналын түймэрт автагдсан хүн бол сэтгэлийн өвчтэй хүн мөн. Сайн эх, эцэг өөрийн хүүхдийнхээ сайхан сэтгэлийн эхлэлийг тавьдаг. Тэр зөв эхлэлийг хүүхэд нь цааш нь зөв өрөөд сайхан сэтгэлийн бат бэх өргөө сүндэрлүүлэх нь үү, эсвэл нураах нь уу гэдэг тухайн хүнээс өөрөөс нь шууд шалтгаална. Хүн сэтгэлээ гэрэл гэгээтэй байлгаж бусдыг дулаацуулдаг байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *