Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай. Ажлын сайнаар амьдрал дэвжинэ, бэлчээрийн сайнаар мал таргална. Эрхэлж буй ажилдаа нүүр бардам эзэн болж байгаа хүн урамтай. Өөрт ногдсон ажил үүргээ хэнээс ч дутахгүй гүйцэтгэж, илүү хийх эрмэлзэл, тэмүүлэлтэй хүн амжилтын шатаар үргэлж дээш ахиж байдаг. Эрхэлсэн ажилдаа эзэн болж, хамт ажиллагсдынхаа итгэлийг дааж ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Үйлдвэрт надтай хамт алтан гартай, бурхан засварчин ажилладаг байлаа. Үйлдвэрийн машин техникийн ямар ч гэмтэл согогийг яаж ийж байгаад л засаж хөдөлгөнө. Түүний гар хүрсэн бүхэн илбийн юм шиг засагдана. Ажилдаа сэтгэл зүрхээ зориулан чармайн зүтгэнэ. Залхуурч, хойш сууна гэсэн ойлголт түүнд байхгүй. Шөнөжин ажиллаж, өглөө нүд нь улайж, нүүр, гар нь тос тортогт харлаж, үс нь өрвийчихсөн, засчихлаа, болгочихсон шүү гээд инээж зогсоно.

Өдөржин, шөнөжин ажилласнаа хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх ёстой үүргээ биелүүллээ гэж үзнэ. Тэр зөвхөн алтан гартай биш, дархан хүн бурхан ухаантай гэдэг шиг ухаан зарж, учрыг олж, ур чадвараа үзүүлэх нь бахархам. Жижиг сажиг зүйлийг ч маш нягт нямбай хийх тэсвэр тэвчээр нь бусдадаа нэн сайн үлгэр дуурайлтай. Ажлын төлөөх сэтгэл, ажлаа сайн хийх хичээл зүтгэл, итгэл дааж, найдаж болох хүн чанартай, эрхэлсэн ажилдаа эзэн болсон ажилсаг түүнийг азын тэнгэр байнга ивээж байсан юм. Илүү дутуу зангүй, илүү дутуу үггүй ажлаа л сайн хийдэг тэр засварчныг дээр, дооргүй хайрлаж хүндэлнэ. Олон жилийн хойно тэрбээр их сургуульд элсэн орж, мэрийн суралцсан. Зарим багшаасаа ахмад оюутан дунд сургууль төгссөн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн хичээн зүтгэсээр амжилттай төгсөж, сайн инженер болсон юм. Амжилтдаа цадаж, нэр хүнддээ ханаж, ажиллаж эхэлсэн цэгтээ үлдэхийг хүсээгүй тэрбээр инженер болох том зорилго тавьж, ахиж дэвших хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн зүтгэсээр шинэ амжилтын эзэн байж чадсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *