Мэдээж хэрэг хүнд байх ёстой хамгийн чухал үнэт чанар бол хүнлэг энэрэнгүй байх. Хамгийн түрүүнд хүүхдүүддээ хүн чанартай зөв хүн байхыг шаарддаг. Харин дараа нь сайн аав, сайн ээж болгохын тулд зааж зөвлөдөг. Би мэдээ орсон цагаасаа хойш ээжийн хайрыг мэдэрч үзээгүй. Намайг таван настай байхад ээж маань бага дүүг төрүүлээд төрөхийн хүндрэлээр нас барсан. Ингээд би дөрвөн ах, дөрвөн эгч болон аавынхаа хайранд өлгийдүүлж өссөн ч эх хүний хайраар үнэхээр дутаж өссөн. Ялангуяа ээжгүй өсөхийн зовлонг аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдээр илүү их мэдэрдэг. Маш олон баярт өдрүүдийг гунигтай, доголон нулимстай өнгөрүүлсэн. Тийм болохоор би хүүхдүүдийгээ маш сайн ээж, аав байхад л сургадаг. Миний хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил бол өөрөө сайн ээж байгаад эргээд хүүхдүүдийгээ өөр шиг сайн ээж байлгахад анхаардаг.

Ер нь анхны хүүхдээ ямар төлөвшил ямар хүмүүжил олгоно яг түүгээр дараагийн хүүхдүүд хүмүүждэг. Миний том охин яг миний хүссэнээр эелдэг зөөлөн шулуун шударга, үнэнч хөдөлмөрч хамгийн чухал нь маш сайн эж болж байгаа. Үүнийг хараад өөрөөрөө болон ханиараа бахархдаг. Ээж хүн ямагт өөрийн хийж буй үйлдлээрээ хүүхдүүддээ үлгэрлэж байх ёстой Эмэгтэй хүн ээж хэмээх алдрыг хүртсэн л бол хүссэн хүсээгүй сайн байх ёстой. Учир нь бяцхан үрээ мэндлэхийг нь хараад тэнтэр тунтар алхахыг нь харж ээжээ гэж дуудахыг нь сонсох хамгийн сайхан. Миний хувьд сайн ээж байна гэдэг сайхан бүхний цогцыг хэлнэ. Бидний үеийнхний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил ерөнхийдөө хүүхдүүддээ эрүүл органик хоол хүнс хэрэглэж зөв дадалд сургахыг л чухалчилдаг. Энэ бүхнийг өөрөө л сайн хийвэл хүүхэд түүнийг хараад л дагаж хийгээд л сурдаг. Түүнээс чи яг ингэж хий, тэг гэж заагаад, үглээд байх нь хүүхдэд тийм ч сайн биш. Хэрэв ингэж бүгдийг зааж тайлбарлаад байвал яг л робот шиг болно. Тэгэхээр ээж гэдэг хүн бүх зүйлийг сайн хийж чаддаг байх ёстой. Хүүхэд өвдвөл сайн эмч болж, хүүхэд муу сурвал сайн багш болж, гуниглавал сайн сэтгэл зүйч, найз нь болж байх хэрэгтэй. Ер нь ээж хүний ажил хэзээ ч дуусдаггүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *