“Хань” гэдэг их л мундаг үг л дээ, бид л анзаардаггүй болохоос. Аав ээж, хэн нэгэн дотны хүн маань гэгээн алсад одож, сэтгэлд минь нөмөрлөж байсан хайр энэрэл өмөг түшиг нь гэнэт нурж, ээрэм талд нүв нүцгэн гав ганцаар даарч жиндэн зогсоход гараас минь зөөлхөн атгаж, харуусалдаа урсах нулимсыг минь хурууныхаа өндгөөр зөөлхөн арчиж, хэнгэнэтэл санаа алдах цээжийг минь налан бүх л биеэрээ илбэн аргадах тэр л хүн хань минь юм. Нурж унаж байгаа нөмөр нөөлгийг нь орлон өөрийн биеэр хахир хатуу салхийг нөмөрлөн зогсох тэр л хүн хань минь мөн. Зүрхнээс минь урсаж сэтгэлийг минь ээдээх уйтгар гунигийг өр зүрхнээсээ мэдрэн аргадаж, тэртээд алслан холдсон нарны дулаан сацрагийг миний сэтгэлд ойртуулан дулаацуулж гүн нойронд автуулан тайтгаруулах хайр гэгч аугаа. Намайг цээжиндээ тэвэрч аргадан бүүвэйлж, зүүдэндээ шаналан урсах нулимсыг минь хэлээрээ долоон аргадаж, өөрийнхөө харууслын нулимсыг миний гунигийн нулимстай сүлэн хольж, сэтгэлээрээ гашууныг нь амтлах тэр л хүн миний сэтгэлийн хайр. Би түүнээс холдож, сэтгэлийн аргамжаагаа тасдаж чаддагүй юм.

“Хань” гэдэг даанч аугаа хувь тавилан. Төөрч будилсан амьдралын ээдрээт урсгал дундаас намайг олж, живэхээс минь өрсөн аварч эрэг дээр гарган дараа нь миний гараас хөтлөн холын холд хамтдаа алхсан тэр л ачтай хүн. Би заримдаа түүн үгүйгээр амьдралаа төсөөлөхдөө гэнэт айдаг. Хэрэв тэр миний гараас хөтлөөгүйсэн бол би амьдралын хүчит урсгалын хаана нь живж үлдэх байсан бол? Хааяадаа урсаж одсон тэр л урсгал дунд хөвөх хүсэл төрөх авч би зүрхэлдэггүй юм, тэр минь надад гомдсондоо намайг атгасан гараа сул тавьж орхивол яана гэж? Заримдаа онгирч элдвээр аашлахыг хүсэх гэвч, түүнийгээ алдаад тэр л урсгал дунд өөрөө живж одохоос айдаг. Хань гэдэг чинь амьдралын түшиг тулгуур, заримдаа алсран холдоход нь би өөрөө аргадан гуйдаг тэнгисийн мандал дахь далбаат завь. Тэр л далайн мандал дахь шорвог усыг заримдаа залгилан тургих авч, бие биенээ харж шоолон инээлдэх цав цагаахан сэтгэл. Дараа нь цэв цэнгэг усыг хамтдаа залгилан, далайн мандалд завины хошууг минь далдлан далдалж жаргах нарны сацрагийг шоолонгуй харан мөр мөрөө түшиж, уруул уруулаараа шүргэлцэх жаргалтай хором миний хань. Дарвуулт завины зөөлхөн хөвөлт дунд түүнийхээ духыг үнэрлэх жаргалтай мөч. тиймээс л аав ээжээс минь хойш намайг гэх ганц хүн юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *