Хүн хүнээ хүндлэх ёсон “Эвдэрч үл дуусах сав ертөнц Энэлж үл дуусах шимийн амьтан Эргэж үл дуусах гаслант орчлон Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл” / V Жавзандамба хутагт/ Хорвоо дэлхий хэтэрхий хатуу санагдах үе бас хүн болж төрж жаргал зовлонг мэдэрч чадаж байгаа нь үнэхээр азтай сайхан хувь зохиол шиг санагдах үе бидэнд байдаг. Гагцхүү анх удаагаа л амьдарч байгаа учраас мэдэхгүй, чадахгүй, сурах зүйл олон байдаг болохоор эндүү үйлдэл хийх нь олонтоо тохиолдох юм. Тиймээс л алдаа, оноог өөрийн биеэр туулж мэдэрсэн өвөг дээдэс, хөгшид буурлууд минь болохгүй, бүтэхгүй зүйлүүдийг даван туулах ухааныг хойч үедээ дамжуулан, заан сургасаар ирсэн нь өдгөө Монгол хүний тархинд бичигдсэн хууль болжээ. Аман хууль гэдэг бол сайн, муугын жинлүүр, ёс суртахуун хүнлэг байдлын үндэс юм. Монголчуудын ёс заншлыг төрийн ёслол, шашин мөргөлийн ёс, ард нийтийн заншил ёс хэмээн тоймлон хувааж болох бөгөөд аман хууль нь ард нийтийн заншил ёс хэмээх ойлголтонд багтах юм. Мөн өвгөдийн минь сургасаар ирсэн мартаж болшгүй хамгийн хүндтэй зүйл бол зүй ёсоор нэг нэгнээ хүндлэх, эвсэг найртай байх ёс төр юм. Монгол ардын зүйр үгэнд “Хүн ахтай, дээл захтай” гэж байдаг энэ нь зөвхөн ах дүүсийн харилцааны талаар тодорхойлсон санаа биш бөгөөд удирдах, удирдуулах зарчим хийгээд дүү нь ахаа хүндэтгэн, үг сургаалийг нь мөрдөж явахыг сануулсан үг юм.

Хүндлэх ёс нь юуны өмнө бие биеэ хэрхэн нэрийдэн дуудахаас эхэлдэг бөгөөд ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэж насных нь намба төрхөнд тааруулж хүндлэн гуайлж дууддаг ба “Өндөр уулыг харвал хайрхан гэж дууд, өвгөд настантай золговол аав, ээж гэж дууд” хэмээн сургадаг. Тиймээс ч бид ахмад хүнээ хүндлэн ах, эгч, ажаа, амбаа, анжаа, жийжээ, агаа, эгээ гэх мэтээр авгайлж дууддаг билээ. Эрт үед нэг гэрийн эхнэр нөхөр хоёр бие биенээ нэрээр нь дууддаггүй “та” хэмээн дууддаг байсан нь нас чацуу ч эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ ямар их хүндэлж харьцдаг байсанг харуулдаг. Мөн эцэг эхээ хамгийн их хүндэлэх ёстой ба аав ээжийнхээ өөдөөс хялайн харах, хэдэрлэх, хараал хэлэхийг цээрлэдэг бөгөөд үүнийг зөрчвөөс амьтны амь бүрлэгснээс дутуугүй нүгэл хэлэнц болно гэж үздэг. Намайг жохон байхаас л ээж минь эцэг эхийнхээ захтай хувцас нь дээр гишгэж болохгүй газар унасан байвал дээш нь авж тавьж бай, том хүний малгайг газар тавьж болохгүй, эцэг эхээ хүндэлж байж л сайн төлөвшилтэй хүн болно гэж заан сургасаар ирсэн. Энэ нь ч үнэн төдийгүй хүнийг ялгалгүй хүндэлж харьцаж чаддаг хүн хамгийн сайн хүмүүжилтэй сайн хүн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *