Өөрийн амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг аварсан жирийн сайхан орос эрчүүлд медаль гардуулан өгсөн тэр нэгэн мөч миний санаанд тодхон үлджээ. Медалиа зүүлгээд “их баярлалаа” гэснээ “бүгдийнх нь амийг аварч чадаагүйдээ туйлаас их харамсаж байдаг юм даа” гэж халаглан хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Гадаад орны төрийн медаль хүртээд баярлахаасаа илүү амийг нь аварч чадаагүй тэр хөөрхий хүний төлөөх харууслыг сэтгэлдээ тээн, харамсаж явдаг нь түүний харц, дууны өнгөнөөс ив илхэн, тов тодхон харагдаж, сонсогдож байсан. Өөрийн амиар дэнчин тавьж, үерлэн эргэлдсэн том голоос хаа хамаагүй, замд таарсан, үл таних, харийн хүмүүсийн амийг аварч, бас аварч чадаагүй хүнийхээ төлөө харамсаж явна гэдэг нь тэдний хүний мөс, хүн чанар, өндөр ёс суртахууны бодит хэмжээсийг ямар ч нэмэлт тайлбар сурталчилгаагүйгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Тэд сайхан сэтгэлээр, сайн үйл хийжээ. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай үйл болгон үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө буянтай үйл хий гэж албадан шахах нь тийм ч гайхуулмаар сайн зүйл биш. Яагаад гэвэл “албадмал буянт үйл өөрийн бүх үнэ цэнийг алддаг юм”. Чиний эрхэлж буй ажил үйлс чинь өөдрөг сайн байгаа юу? Хамтран зүтгэгчид, удирдлагын зүгээс ажлыг чинь хэрхэн үнэлдэг вэ? Хийсэн бүтээсэн болгоныхоо үр дүнд сэтгэл тэнүүн, ханамжтай байж чадаж байна уу? Энэ асуултуудад өөрөө чин үнэнээр нь хариулах гээд бодоод үз.

Хангалттай бус, сайн биш гэж бодогдвол шалтгааныг нь даруйхан хайж ол. Тэгэхдээ бурууг бусдаас хайлгүй эхлээд өөрийн буруу зөрүүг сайтар тунгаа. Олон, олон учир шалтгаан тодроно байх. Хийсэн ажлын чинь үр дүн тааруу байвал нэг л зүйл түүний үндсэн шалтгаан нь болсон байдаг нь анзаарагдана. Үнэн сэтгэлээ өгч хийгээгүй ажил үйл бүхний үр дүн үжиршиж урагдах дөхсөн бөс даавуутай адил хэврэг байдгийг чи аяндаа ойлгоно. Тиймээс том бага гэлтгүй аль ч ажилд ухаанаа зарахаас дутуугүй сэтгэлээ шингээж төгс сайн хий. Сайн үйлс бүтээе гэж байгаа бол алгуурлаж хойшлуулах хэрэггүй. Аливаа алгуур нуршуу бүхэн ухаалаг бус, үр дүн нь од шиг хол. Сайн үйл хийе гэж сэтгэлдээ бодон суух нь сайн үйл бүтээчихсэн ч хэрэг биш. “Сайн үйл хийхийн тулд хэтэрхий удаан боддог хүнд сайн хүн байх хугацаа байхгүй” гэж хэлсэн сургамжит үг байна. Сайн хүн байж чадахгүй байсаар насаа барж болох тул алгуурлаж болохгүй. Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь. Эрт боссон шувуухай өт олж иднэ гэсэн үг ч бий. Сайн үйл бүтээх өөдрөг үзлээ ямар ч бэрхшээл тохиолоо гэсэн хаяж гээж бүү орхи. Чамд хэчнээн боломжгүй мэт бодогдсон ч боломж үргэлж байдагт эргэлзэх хэрэггүй. “Өөдрөг үзэлтэн аливаа хүнд хэцүү нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг нь олж хардаг”. Та нарыг зөвхөн боломжийг нь олж хардаг өөдрөг үзэлтэн байгаасай гэж үүнийг хэлж байгаа юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *