-Хүүхэд байхдаа ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг байв. Өнөөдрийн Ч.Ичирхорлоо тэр төсөөллөөс хэр зөрүүтэй байна вэ? -Би хүүхэд байхдаа хэзээ ч жүжигчин, нэвтрүүлэгч болно гэж мөрөөдөж байгаагүй. Уг нь биохимич болох хүсэлтэй байсан. Тэр утгаараа хими, шинжлэх ухаан талын хичээлдээ илүү сайн, номын санд их суудаг охин байлаа. Аравдугаар ангиа дүүргэхдээ нефтийн үлдэгдэл бүтээгдэхүүнээс талх гаргаж авна гэсэн мөрөөдөлтэй байв. Харин хувь тохиолоор урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагатай амьдралаа холбосон. Хүний амьдралд тохиодог сонин учралуудын нэг юм даа. -Таны амьдралд хэн хамгийн их үлгэр дуурайлал үзүүлсэн бэ? -Миний ижий, аав хоёр. Тэд маань их хөдөлмөрч. Зүгээр сууна, амьдралыг амарчилна гэсэн ойлголт тэдэнд байдаггүй. “Хөдөлмөрлө, хөдөлмөрлөж байж чи амжилтанд хүрнэ” гэсэн зарчимтай орчинд өсч хүмүүжсэн учраас миний эгч, дүүс, гэр бүлийнхэн маань ажлаас хойшоо сууж, амжилт, аз жаргалыг өөрөө ирэхийг хүлээдэггүй. Ээж маань Ховдынх, аав Завханых.
Баруун аймгийнхан илүү хөдөлмөрч, зарчимч байдаг шиг санагддаг. Ер нь дадал хэвшил яван явсаар хүний зан чанарт суудаг гэдэг дээ. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэгтэй үргэлж санал нийлдэг. Хөдөлмөрлөж байж хувь хүн, айл гэр, улс орон хөгжинө, баялаг бүтнэ. Хөдөлмөр, хөгжил хоёр хүйн холбоотой гэж боддог. Тийм болохоор би хөдөлмөрч хүнд их хайртай. Ер нь үр хүүхдээ хөдөлмөрч, эрдэм боловсролтой, сайн хүн болоход нь, эр нөхрөө аз жаргалтай, амжилттай явахад нь, улс орон цэцэглэн хөгжихөд эмэгтэйчүүд, бүсгүйчүүд бидний хөдөлмөр зүтгэл, оролцоо, манлайлал хамгийн их байх ёстой гэж боддог. -Тэгвэл та эмэгтэй хүнийг юутай зүйрлэх вэ? -Хулстай зүйрлэх дуртай. Миний бодлоор хулс бол гоолиг нарийхан, үзэмж төгөлдөр ургамал. Хулсыг аагим халуун наран дор, усан дотор, хатуу ширүүн нөхцөлд гээд хаана ч тарьсан хад асгыг ч нэвтлэн ургадаг гэнэ билээ. Тэгсэн хэрнээ хамгийн уян, олон зүйлийг хийх боломжтой. Эмэгтэй хүн яг л тийм. Хэмжээлшгүй их хат, эр зориг үрээ хайрласан эмэгчин амьтнаас л гардаг. Хамгийн аймшиггүй эр зориг, ихийг бүтээгч хүч чадал эмэгтэй хүнд л оршдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *