Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш. “Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, мартах ч амар. Голдоо ортол гомдон хөрж хатсан сэтгэлийг гэсгээн дэвтээх үнэхээр хэцүү. Хамгийн ойрын хүмүүстээ харамсмаар муухай үг бүү хэл. Сэтгэл зүрхээрээ чамайг гэж явдаг хүнд сэтгэлд нь сэв суухаар сэрэмжгүй үг битгий хэл. Салшгүй сайн нөхөддөө марташгүй муухай үгийг бүү дуулга. Чамд найдаж, чамд итгэж, хорвоо дээрх хосгүй хүмүүсийн нэг гэж чамайг дээдэлж ирсэн хүмүүстээ хор хүргэж, хорсол дагуулах хорт муу үйл бүү үйлд. Итгэсэн нөхөр нь инээсэн дайсан болох шиг муухай юм энэ хорвоод үгүй. Эдгээр мэт үг, үйлээр гомдоох аваас тос шиг сэтгэл нь царцаж, сүү шиг сэтгэл нь ээдэж, голдоо ортол ч гомдож мэднэ. Ар араасаа цувсан аймшигт гомдлоор аль ч хүнийг бүү залхаа.
Ганц ганцхан дусал нэмсээр ган торхноос хальдагийн адил бага багаар, ар араас нь цувуулан гомдоовол баяр жаргалаар дүүрэн байсан сэтгэлийн ган торхонд гомдлын мөс хуралдан зузаарсаар алдрайхан сэтгэл алдарч, баяр жаргал нь багтаж шингэхээ болин асгарч, нүдний аяганаасаа мэлмэрэх нулимс адил халин садран урсаж, гомдол гунигийн хүйтэн мөс сэтгэлдээ тээж явах болно. Гомдол гунигийн мөс хүйтэн бөгөөд хатуу, хүнд бөгөөд дарамттай, дааж явахад хэцүү. Хайлдаггүй мөс байдаггүй гэх боловч, хэт хөрж хөрзийсэн сэтгэлийн мөсийг гэсгээн уяраах туйлаас хүнд. Сэтгэлд хургасан гомдлын жаврыг сэтгэл зүрхний дуудлагатай намуун аядуу үг л хөөн зайлуулах увидастай. Хэн нэгнийг гомдоосон бол гомдол гунигийг нь заавал тайлж бай. Энэ бол өөрийгөө хүндэтгэдэг журамт хүний үүрэг. “Аар саархан гэмийн үрийг алсдаа цайрах юм шиг битгий бод”. Сэтгэлдээ битүүхэн гомдол тээж явахын хэрэгцээ үгүй. Юунд гомдсон, яагаад гомдсоноо далдлан нуух биш, ил хэлж гомдлоо тайлж, сэтгэлээ амраа. Гомдлыг уур уцаар дагах нь хөллөсөн шар үхрийн араас тэрэг дагах лугаа. Гомдсон сэтгэлийн учир шалтгааныг ургуулан бодох тусам уур уцаар улам бүр дүрэлзэнэ. Уур уцаараар гомдлыг тайлна гэж санахын ч хэрэггүй. Уур, биеийг зовоохоос өөр гавьяагүй. Сэтгэлд хургасан уурлах бухимдах харанхуй орон зайд учрыг олж хужрыг тунгаах ухаан тэвчээрийн гэрэлт нарыг авчирч байрлуул. Уурыг, уураар ялахгүй, уурыг ухаан тэвчээр хоёр л ялж дийлж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *