Адаг муугийн дотор ч арай гайгүйгийн хэлтэрхий оршиж байдаг болохоор одоогийн зовлонгийн дотор хожмын сайны өөдөс томорч байдаг. Зовлон ирэхэд зовлон туулж, зовж сурсан хүн бага зовно, зовлон үзээгүй, жаргалдаа ташуурч явсан хүн их зовно. Зовлон туулсан хүн зовлонд тэсвэртэй болно. Зовлонг тэвчвэл жаргах цаг зайлшгүй ирнэ гэж хат суун хатуужина. Зовлон гашуун. Чинжүү зажилсан хүнд чихэр амтагддаггүйтэй адил зовлон үүрч яваа хүн жаргалд умбан цэнгэдэггүй. Утаанд нүдээ хэчнээн их нухна, төдийчинээ хорсоно. Зовлонд хэдийчинээ их түүртэнэ, төдийчинээ их шанална. Жаргалын удаан нь дээр, зовлонгийн түргэн нь дээр. “Бусдын зовлонгоор өөртөө баяр цэнгэл хийж болохгүй”. Бусдын зовлонгоор цэнгэгчид сайхан сэтгэлээ гаргуунд гаргаж, хүний мөсөө хөсөр хаясан, хүн чанарынх нь орон зайг амьтны зөн мэдрэмж түрэн эзэлсэн, хүн төрхнөөс цаашгүй бологсод. Бусдад зовлон удвал өөртөө зовлон үүрнэ. Бусдыг зовлонд унагавал өөрт зовлон зайлшгүй ирнэ. Чамд зовлон тохиохгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Зовсон хүмүүсийг өрөвдөх ариун нандин сэтгэлээ алдаж битгий гээгээрэй. Энэ бол хүнээрээ байгаагийн чинь нэг шинж шүү.
Хүн амьдралдаа жаргал даахгүйн зовлон гэх толгой эргүүлсэн төөрөгдөлтэй учирч болох юм. Жаргал даахгүйн зовлон даамжирвал ужиг өвчний шалтгаан болно. Жаргал даахгүйн зовлонд будилж яваа хүн өөрөө зовоод зогсохгүй ойрын хүмүүсээ бүр илүү шаналгана. Ийм хүмүүсийн нэлээд нь архинд нэвчээд алга болж өгнө. Нэг хэсэг нь ужид самуунд идэгдэн, зугаа цэнгэлээс өөрийг бодохоо болино. Тэд хангалуун амьдралын золиос, ухаангүй бодлынхоо боол болон гудайна. Өөрөө хөдөлмөрлөн баялаг бүтээгээгүй, бэлэн зэлэн юман дээр туйлсан, хөнгөн амьдралд дурлагсад жаргал даахгүйн зовлонд унах нь түгээмэл. Өнөөдөр байгаа шигээ маргааш ч мөн адил байх мэтээр гэнэн төсөөлж, өнөөгийн байгаадаа бардан сагаж, давилуун загнавал жаргал даахгүйн зовлонгийн нүхэнд ойчицгооно. Жаргал даахгүйн зовлонд унагсад хувь заяаны эрхээр зовж зүдэрч яваа хүмүүсээс илүү зовно. Яагаад гэвэл тэд зүдэрч үзээгүй, зовлон туулаагүй урьдын цатгалан хүмүүс. Тэд зовох учиргүй байгаа хэрнээ ухамсартайгаар өөртөө зовлон дуудсан гаж буруу сонголт хийгсэд. Жаргал даахгүйн зовлон эдлэхгүй байхыг хичээ. Зовох юм тэртээ тэргүй өчнөөн байхад жаргал даахгүйн зовлонд өөрийгөө тарчлаахын хэрэг юу байх вэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *