Хүн танина гэдэг тийм ч амар зүйл биш! Хүний дотор орших сэтгэлийг гаргаж ирээд, үзэж хараад, уудалж таньж болдог бол амьдрал илүү амар байх байлаа. Ядаж л худал болохын хэрээр хүний гаднах өнгө хувирдаг байсан бол амар байхсан. Хуурамч хүмүүсийн өнгө нь бүдгэрсээр байгаад бүр харагдахаа больж үнэнч хүн улам бүр тодрон гялалзаж байдаг бол юутай сайхан бэ? Гэрлээ асаа: Итгэлийг чинь алдах тусам… Зарим нэгэн нь хүний нүд үнэн хэлдэг л гэж ярьдаг, гэхдээ амнаасаа ч илүү худал хэлэх нь олонтаа. Би “Сайн ах” л гэж бодсон гэдэг шиг, сайн хүн гэдэгт л итгэчихдэг. Бид бүгд л итгэдэг. Гэхдээ нэг л өдөр өөрчлөгддөг. Цаг хугацаа, орон зай бүхнийг өөрчилж бидний итгэж явсан хэн нэгэн тэс өөр хүний дүрийг бүтээж зогсох нь элбэг. Тэр хүний ч буруу биш л дээ! Ер нь бол хонгор минь, бидний тэр хүнийг сайн мэддэг гэсэн бодол л хамгийн их буруутай.
Бид чинь өөрөө өөрсдийгөө ч сайн мэдэж чадахгүй л яваа эрэл хайгуулчид. Тийм байтал бусдыг сайн мэднэ гэсэн хүлээлтийг өөртөө үүсгэх нь газрын зураггүй байж эрдэнэсийн арлыг олох талаар мөрөөдөхтэй нэн адилхан. Тийм ээ, би мэднэ, найз минь. Тэр чамд ямар хүнлэг бус хандсаныг, тэр чиний итгэлийг яаж хөсөр хаясныг, бас тэр чиний цаг хугацаа, чиний гэсэн бүхий л орон зайг ямар ч үнэ цэнэгүй болгож орхичхоод тоосон шинжгүй инээд алдан явааг би мэднэ. Хараагүй ч гэлээ, миний сэтгэл харсан мэт хүүрнэж чадна. Бас чи түүнд ямар их итгэж байсныг..! Би энэ нийтлэлийг дуусан дуустал тоочин бичиж болно. Oдоо л нэг зөв хүнээ оллоо гэж дотроо баясаж явсан чинь, амьдралынхаа үнэ цэнэтэй бүхнийг түүнд зориулсан чинь, өөрийнхөө аль байдаг сайн сайхан чанарыг түүнд л өгч чаддаг байсан чинь итгэл юм. Чи түүнд итгэж байсан. Яг л өөртэйгөө адилтган бодож, тэр хүнийг яг л чамтай адилхан итгэлийг чинь зүрхэндэх авдартаа нандигнаж яваа гэж чи бодсон. Аргагүй аргагүй, чи дэндүү их хүлээлтээсээ болж өөрийн эрхгүй л түүнд итгэчихсэн. Хайр гэхээсээ илүү итгэл хүнийг хамгийн их өвтгөдөг. Гэхдээ юу гээч найз минь, итгэл хүнийг өвтгөж чаддагаасаа ч илүү ихээр эмчилж бас чаддаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *