Хүмүүс бид амьдралын сайн сайхны тухай ойлголтоо АЗ ЖАРГАЛ хэмээх хэллэгээр илэрхийлдэг. Тийм болохоороо баяр болгоноор бие биедээ “аз жаргал”-ыг ерөөнө. Гэхдээ аз жаргалын тухай хүн болгоны ойлголт, хэмжүүр нь өөр өөр. -Зарим хүмүүс их мөнгөтэй байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. Мэдээж бидний амьдрахуйн хэрэгцээгээ хангахад мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ өдөр болгон, цаг мөч тутам зөвхөн мөнгөний тухай л бодож, сайн муу ямар ч аргаар хамаагүй их мөнгө олох тухай эргэцүүлж байгаа хүнийг аз жаргалтай байна гэж би л лав бодохгүй. Их мөнгөтэй болсон хэрнээ түүнийгээ хэрэгтэй зүйлд биш, бусдад гайхуулж атаа хорслыг нь дэврээх гэж утга учиргүй зарцуулж байгаа хүмүүс аз жаргалтай харагддаггүй. -Зарим хүмүүс эрх мэдэлтэй “том дарга” байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. Эрх мэдэл хүнд шийдвэр гаргах боломж олгодог хэдий ч, ард нь “хариуцлага” хэмээх том хилэнц буй. Шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн болон тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашигт таацуулан, олон нийтийн эрх ашгийг хохироож байх аваас хэзээ нэгэн цагт хилэнцээ үүрэх л болно.
Өчүүхэн, цаг зуурын эрх мэдэлдээ хүлэгдэн, зусардагсадаа мөнхийн юм шиг санаж, өөрийгөө аугаа ихэд өргөмжилсөн яравгар царайнаас аз жаргал гэрэлтдэггүй.-Зарим хүмүүс олон хүүхэдтэй болж, сайхан гэр бүлтэй байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. “Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү” хэмээх хошин хэллэгээр хүүхдүүддээ анхаарал тавьж тэднийг зөв хүмүүжүүлж чадахгүй бол хожим нь үр хүүхдүүдийнхээ сайн ач тусыг хүртэж чадахгүй. Ямагт ханиа ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадахгүй бол, бусдын өмнө хичнээн хичээж үнсэлцэж, сугадалцаад ч аз жаргалтай мэт харагдахгүй. -Тэгээд аз жаргал гэдэг чинь юу юм бэ? гэж үү? Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл АЗ ЖАРГАЛ гэдэг бол СЭТГЭЛ ХАНАМЖ юм. Хүн болгон эхээс төрөхдөө нэгэн хэвээр цутгагдаж төрдөггүйн адил тэр хүний хувь тавилан нь огт өөр өөр. Харин өөрт оногдсон тавилангаа хэрхэн авч явах нь таны ухаан, хичээл зүтгэлээс л хамаардаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *