Ойрын хүмүүсийнхээ өөрт чинь тус болохоор өөлж шүүмжилж хэлсэн үгийг өөнтөглөн дургүйцэлгүй сонсвол ангаж цангасан хүнд авралын ус өгөх мэт тустай. Ухаантай эрийн эхнэр дутагдал, тэнэг эрийнх нь магтаал хайж байдаг гэдэг. Эхнэр чинь чамаас дутагдал хайж байна уу, магтаал хайж байна уу гэдэг хялбархан шалгуураар биеэ шинж. “Өөрийгөө шүүмжлэх юм бол чамд итгэцгээнэ, магтах юм бол хэзээ ч итгэхгүй”. Өөрийгөө битгий магт, хүмүүс чамайг магтаг. “Өөрийнхөө тухай магтаж ярихаас илүү дур гутам зүйл байдаггүй”. Хүмүүсийн хэлсэн урам магтаалын үгийг ч авах гээхийн ухаанаар тунгаан бодож хүлээн ав. Чин сэтгэлээсээ хэлсэн магтаал сайшаалын үгийг чин сэтгэлдээ шингээн авч баярла. Ёс болгон хэлсэн өнгөц магтаалд хөл алдан хөөрч, битгий баяс.
Чихэр, давс нь ихэдсэн магтаалын үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Нэмэр хачир нь хэтийдсэн магтаалын үгийг нэг чихээрээ оруулан, нөгөөгөөр гарга. Өнгөн дээрээ магтаалын үгс урсгах мөртлөө өрцөн дороо хараал зүхэл нууж явдаг хүмүүстэй хавьтаж ойртон бүү нөхөрлө. “Өөрийгөө магтах нь “би чамаас дээр” гэж бусдад бүдүүлгээр хэлэхтэй адил”. Өөрийгөө өргөн дөвийлгөж магтахгүй байхын хамт бусдыг доромж тохуу үгээр дайрч, доош хийн битгий доромжил, дорд үзэж бүү дээрэлх. Аливаа хүн өөрийг нь доош хийсэн доромж тохуу үг хэл, басамжлан тохуурхсан үг хийгээд үйлдэлд ясны дургүй байдаг юм. Чадаад хийчих зүйлийг нь чадахгүй гэж басамжилсан гашуун үг дориун ухаантай нэгний хор шарыг дэвэргэж, хийж бүтээх чадавхийг нэмдэг бол дутуу ухаантай нөгөөгийнх нь урмыг хугалж, хөл гарыг нь хүлж тушин, дургүйд хүчгүй болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *