Улмаар уулсын дээрх уул мэт овойж, үүлний дээрх үүл мэт хөвсийлгөн бодож өөрийгөө хий хоосон хөөрөгдөнө. Үнэн хэрэгтээ үлээсэн гүзээ хий нь гарсан мэт шалчийсан байгаагаа үл ухаарна. “Биеэ магтамтгай хүн – ухаантны доог, тэнэгийн бишрэл, бялдуучийн амттай олз, өөрийнхөө нэрэлхүү зангийн боол болдог”. Биеэ магтагчид өөрийг нь хөөргөн магтаж зулгуйдсан бялдуучдад хөл алдан найр тавина, магтаагүй хүнийг нүд үзүүрлэн хялайна. Тун удалгүй шударга нөхдөө түлхэн холдуулж, зусар бялдуучдаар хүрээлүүлэн тойруулж, хүнээ алдан эвдэрнэ. Зусар бялдуучид сэвсэн дээр шавах хар ялаа мэт биеэ дөвийлгөн магтагчийн эргэн тойронд шаван цуглах нь ёс юм шиг. Олон түмэнд танигдан од болох амархан, од шиг үргэлж гялалзах хэцүү.
Олны хайр хүндэтгэлд онгирч саган, урам магтаалд хөөрөн сагсуурвал олж авсан нэр хүнд хөөрүүлж байгаа сүү дэврэн хормын төдийд хальж асгарах адил алдагдана. Хальж асгарсан сүүг хаман авч болдоггүй бол алдарч доройтсон алдар хүндийг эргүүлэн сэргээхэд бэрх. Алдар хүнд алдарч доройтоод ирэх цагт эргэн тойронд нь шаваастай эргэлдэж байсан бялдуучид үргэсэн ялаа мэт нисэн одоцгооно. Амны хэмжээгээр өөрийгөө магтагч адаг муу. Хэдийчинээ өөрийгөө хөөрөгдөнө, төдийчинээгээр хүмүүс чамаас нүүр буруулна. Гоо сайхныг чинь харж байна, мэргэн цэцнийг чинь сонсч байна, буянтай өгөөмрийг чинь мэдэрч байна. Хэтрүүлэн гайхуулахын хэрэг юу байх вэ. Ямар ч хүнд бусдаас давуу биш юмаа гэхэд дутуу биш, гайхуулах зүйл байж л таарна. Одоо байгаагаараа гайхуулахын зэрэгцээ ирээдүйд гайхуулах юмтай байхын төлөө одооноос мэрийх хэрэгтэй. Өнгөрснөөрөө гайхуулаад байгаа хүнд өнөөдөр гайхуулах юмгүй болсны шинж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *