Урам магтаалын үгэнд урамшин хөөрдөггүй хүн ховор биз ээ. Улаан нүүрэн дээр нь магтах увайгүй зусрын үгэнд л уулгамчлан баясах хэрэггүй. Юм бүхэн өөрийн цагтайн дээр өөрийн хэмжээтэй. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болно. “Хэрээсээ хэтэрсэн ямар ч буянт үйл муухай явдал болон хувирдаг”. Хэмжээнээс хэтэрсэн магтаал хайран сайхан хүнийг мөн ч амархан яйран болгож эвдэнэ дээ. Дүүрэн устай байгаа хувин сав руу ус нэмж хийж болдоггүй, хальж асгарна. Хэр хэмжээнээс хэтийдэж давсан магтаал тус биш, ус болно.
Магтаал сайшаалыг хэтрүүлэн хүлээн авч, түүндээ хөөрөн дэврээд байвал удаан үйлчилгээтэй хор бага бага тунгаар залгиж байгаагаас онцын ялгаагүй хорлол. Магтаалын амтанд бялууран согтсон хүн бусдаас магтаал горьдон хүлээдэг байснаа өөрийгөө алхам алхмаар магтаж, хор залгиж эхэлнэ. Яван явсаар ам нээвэл өөрийгөө өргөн дөвийлгөх хөгийн зуршилтай болж, магтаалын үерт авахуулан, юунд ч торж тогтохгүй урсана. Түүгээр үл барам гэгээн саруул ухаантай байсан хүн нэг л мэдэхэд мулгуу тэнэг мэт өөрийгөө магтагч болон төрөл арилжина. Тэнэг бүхэн өөр өөрийн тэнэглэлтэй. Биеэ хөөргөн магтах нь нэгэн төрлийн тэнэглэл. Магтаалын үерт живж байгаагаа эртхэн мэдэж, биеэ татаж ухаажихгүй бол ийм төрлийн тэнэглэлд аалзны торонд орсон ялаа мэт орооцолдоно. “Ухаантай хүн морио магтана, тэнэг хүн өөрийгөө магтана”. Өөрийгөө магтагч өөрийн хийснийг өргөн дөвийлгөдөг байснаа бусдын хийснийг ч өөрийн болгон сагсуурч, хамтдаа бүтээснээ ганцаар хийсэн мэт хадуурна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *