Хөгжилтэй гэнэн дүрээрээ үзэгчдийг хөгжөөж байдаг залуу жүжигчин Алдартай шинэхэн уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө. –Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн кино өмнөх уран бүтээлүүдээс тань ялгагдах ялгаа нь юу байв? Өмнөх уран бүтээлүүд маань дандаа инээдмийн жанрын уран бүтээлүүд байсан бол энэ удаа хайр дурлалын сэдэвтэй, романтик кинонд анх удаагаа тоглолоо. Кино багийн хувьд энэ удаа дандаа залуу уран бүтээлчидтэй хамтран ажилснаараа бас их онцлог байлаа. –Энэ кинон дахь өөрийнхөө дүрийг тодорхойлбол? Хайр гэдэг бол хэзээ ч тань дээр хүрээд ирж мэдэх гэнэтийн зүйл. Хэзээ ирэхийг нь хэн ч тааж мэдэх аргагүй. Миний дүр бол тийм л нэг гэнэн гэнэтийн хайрыг хүлээн авсан, хөгжилтэй, найз нөхөддөө үнэнч залуугийн дүр. -Энэ кинонд тоглоход танд хамгийн хэцүү хэсэг нь юу байв? Гадаа хүйтэнд зодооны хэсэг авахад л их хэцүү байсан даа. Хүйтэнд олон цагаар зогсож зураг авна гэдэг бас л яггүй даваа шүү. -Ер нь кинонд тоглож байхдаа шантрах үе хэр тохиолддог вэ? Тийм тохиолдол ховор доо. Уран бүтээлч хүн учраас ямар ч хүнд, хэцүү үеийг даван туулж дүрээ сайн бүтээхийг л хичээдэг дээ.
–Таны бодлоор “Учрал” уран сайхны киноноос үзэгчдэд хамгийн сонирхолтой хэсэг нь юу байх бол? Кино тэр чигээрээ сонирхолтой. Кино эхнээсээ дуусах хүртлээ үзэгчдийг залхаасан, нуршсан хэсэг ерөөсөө байхгүй. Хавар болохоор хүн бүхэн л гэгэлзчихдэг шүү дээ. Магадгүй энэ киног үзсэний дараа залуучууд тийм сайхан хайртай учрах ч юм билүү. -Энэ киног бүтээх явцад сэтгэлд тань хамгийн тод үлдсэн хэсэг юу вэ? Ярихаар хүмүүст сонирхолгүй болчихож мэднэ. Гэхдээ бааранд авахуулсан нэг зодооны хэсэг байдаг юм. Тэр хэсэг их хөгтэй дурсамж үлдээсэн. -“Учрал” уран сайхны кино бол залуусын хайр дурлалыг өгүүлэх гайхалтай романтик кино. Ингэхэд таны хувьд хайр гэж юу вэ? Гэнэт дурлаад л, гэнэт таалагдаад л цаашдаа бүтэмжтэй байвал хайр болдог байх. Хайртай хүмүүс нэгнийгээ ойлгож, хүндэлж цаашдаа үргэлж хамт байж чадвал хайр улам цэцэглэдэг гэж боддог. -Хайрыг цөөн үгээр тодорхойлбол? Хайр бол гэнэтийн цочрол юмуу даа. Нөгөө хүн нь үргэлж нүдэнд нь харагдаад, байнга бодогдоод байгаа юм чинь цочролд орсонтой адилхан биз дээ /инээв/. -Залуучууддаа хандаж хэлэх үг? За тэгээд залуучуудаа бие биедээ гэнэтийн цочрол өгөөд яваарай л гэж хэлье дээ. -Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *