Хайрлаж дурлах амархан боловч энэ хайрыг хадгалж, авч үлдэнэ гэдэг амаргүй. Хайр сэтгэл урт удаан настай, өнө мөнхөд үргэлжилж байгаасай гэж хүмүүс бид хүсцгээдэг. Хүн болгон амьдралаа хайр сэтгэлтэй холбон төлөвлөдөг боловч үүний эсрэг хийх явдал байсаар л байна. Тэгээд хүн энэ хийсэн үйлийнхээ горыг амсаж, сэтгэлийн зовлон шаналал, гуниг гутралд өөрийгөө автуулдаг нь гашуун үнэн. Би нөхрөө дахиад хайрлаж чадахгүй нь гэдгээ ойлгосон тэр мөчийг хэзээ ч мартдаггүй юм. Энэ бол миний сэтгэлийг хамгийн ихээр өвтгөж, зовоосон амьдралын минь хүнд мөчүүд байлаа. Би нөхрөө хайрласан, хүндэтгэсэн сэтгэлээр харж, ханддаг байсан тэр их ид шидийн хүч нэг л өдөр алга болчих нь тэр. “Ээ, бурхан минь, энэ бүхэн бид хоёрт тохиолдож байгаа нь байж боломгүй юм! Сэтгэл санаа тавгүй байгаа болоод л ингэсэн байх. Би зүгээр л ядарч туйлдаад амрах хэрэгтэй болсон юм шиг байна” гэж тэрхэн үедээ би бодож байсныг нуух юун. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам бидний хайр сэтгэл бөхсөн гэсэн миний “онош” улам батлагдаж, надад эргэлзэх зүйл байхгүй болов. Би цомгоо гаргаж ирээд хуримын дурсгалт зурагнуудаа үзэж суухад нулимс өөрийн эрхгүй урсаж байлаа. Би өөрийгөө ямар ч аз жаргалгүй, ганцаардаж, айж түгшсэнээ мэдэрч байв. Сэтгэл дотроо: “Миний хайр хаачив аа? Тэр хэзээ яваад өгсөн юм бол оо?” гэж өөрөөсөө ахин дахин асуусаар…
ХАЙР ХААШАА ЯВСАН БОЛЖ БАЙНА? Та хэн нэгэнд дурлаж байсан мөчөө эргэн санаад үзээрэй (одоо таны хайрлахаа больсон тэр хүн). Тэр үед хайр гэдэг танд энгийн зүйл шиг санагдаж байсан, тийм үү? Дурлалт хархүү (бүсгүй) чинь ямар ч дутагдалтай байсан та нүдээ аниад л өнгөрнө. Хайртай залуу чинь сэтгэлээ хуваалцдаггүй байсан ч үгээ цэгнэж, нухацтай ярьдаг хүн болж хувирна. Дурлалт бүсгүй нь толины өмнө байнга эргэлдэх нь түүнийг гадаад үзэмжиндээ анхаарал тавьж байгаа мэтээр харагдуулна. Хаашаа ч юм хамтдаа явснаа хөөр баяр болон бахдаж, хайраа олсон тухайгаа найз нартаа дуртайяа ярьдаг байснаа санаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *