Японы “Skydriver” компанийн бүтээсэн “SD-03 eVTOL” загварын цахилгаан нисдэг машины анхны туршилтыг энэ сарын 25-нд хийжээ. Энэхүү туршилтын нислэг нь тус компанийн техникийн бааз болох 10,000 кв.метр талбайд явагдсан бөгөөд машин ойролцоогоор дөрвөн минутын турш ниссэн байна. Нисдэг машины жолооч компьютерийн тусламжтайгаар нислэгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хянан ажилласан бол талбайн техникийн ажилтнууд нислэгийн, гүйцэтгэлийг хянажээ. Тус нисдэг машин нь мотороор ажилладаг, дөрвөн сэнс бүхий цахилгаан хөдөлгүүрээс бүрдэх бөгөөд дөрвөн метр зайд багтах хэмжээтэй аж. Зохион бүтээгчдийн мэдэгдэж буйгаар жижиг суурин газар, хүн амын төвлөрөл ихтэй хот сууринд ашиглахад зориулагдсан байна. “SkyDriver” компани Японы Иргэний нисэхийн тухай хуулийн аюулгүй байдлын заалтыг бүрэн дагаж мөрдөхийн тулд агаарын хөлгийн нислэгийн туршилтын хөтөлбөрийг өргөжүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна
.
Нисдэг машин нь сувдан цагаан өнгөтэй бөгөөд энэ нь ирээдүйн тэнгэрт цагаан шувуу мэт ниснэ гэсэн бэлгэдэлтэй хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгджээ. SkyDrive компанийн гүйцэтгэх захирал Томохиро Фукузава “Бид Японы анхны нисдэг автомашины туршилтаа хийсэнд туйлын баяртай байна. 2023 он гэхэд бид туршилтаа илүү боловсронгуй болгож, цоо шинэ шатанд гаргах болно” гэжээ. Технологийн ахлах офицер Нобуо Киши “Бидний энэ удаагийн нислэг нь SkyDrive-ийн оргил үе юм. Цахилгаан хөдөлгүүрийн систем, нислэгийн удирдлагын систем, нисэх онгоцны бүтцийг зохион бүтээх, нислэгийн туршилтын явцад агаарын хөлгийн нөхцөлийг хянах тоног төхөөрөмжийг турших, үйлдвэрлэх, нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж, нэлээд хурдтай ажиллаж байна. Бид 2023 онд аюулгүй, найдвартай нисдэг автомашины үйлчилгээг эхлүүлэх боломжтой тул технологийг боловсруулж, гэрчилгээжүүлэлтийг үргэлжлүүлэн авах болно” гэжээ. SD-03 туршилтын үр дүнд үндэслэн энэ жилдээ багтаан туршилтын талбайгаас гадуур нислэг үйлдэх зөвшөөрөл авахаар төлөвлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *