Манай хоёр охин жаахандаа ээжийгээ зураад ил захидал хийчихсэн байсан. Хүүхэд бүхэн л ээжийгээ зурдаг даа. Зурж байгаа нь бусад хүүхдийн л адил ээжийгээ зурсан хөөрхөн зураг.

Харин “Та дэлхийн хамгийн сайхан ээж” гэж хэлээд өгөхөд цээжинд нэг юм базах шиг болдог.

Жаахан том болоод цэцэг өгдөг болсон. Би цэцгэнд их дуртай. Намайг баярлуулах гээд шим тэжээл, хөрснөөсөө тасраад ирчихсэн цэцгийг би хайрлахгүй гээд яах билээ.

Илүү удаан амьдраасай гэж бодоод өөрийнхөө уудаг уснаас ч илүү сайн усанд цэцгээ хийж, урт удаан байхад нь сэтгэл гийж баярладаг. Цэцгийг би маш их хайрладаг. Зарим талаараа бүсгүй хүнтэй төстэй. Хайрлаж тордох тусам өнгө ордог эмзэгхэн чанар нь, хорвоо ертөнцийг чимэх гэж, баясгах гэж дэндүү гоё төрдөг нь бидэнтэй ижил санагддаг.

Би нэг урлагийн хүнийг харж байлаа. Тоглолт нь болж хүмүүс маш их цэцэг өгч, тэр бүгдийг хувцасныхаа өрөөнд овоолж шидчихээд дээгүүр нь гишгэлж хувцсаа солиод байсныг. Тэдгээр цэцгийг өгсөн хүн юу бодож өгсөн бол. Хичнээн мөнгө хөлсөө шингээж авсан бол. Гундаачихгүйхэн шиг тэр хүний гарт өгөх гэж хэчнээн хичээсэн бол гэж бодогдоод байсан.

Цэцэг хараад энэ мэт зүйлийг бодоод явчихдаг нэг талдаа би гүн нөгөө талдаа ядаргаатай хүн байх аа бусдад. Ер нь л гүн ярьчих гээд байдаг болохоор үеийнхэн маань намайг хэр ойлгодог юм болдоо гэж бодох үе байдаг. Энэ байдлыг маань ухаантай байх гэж хичээдэг гэж зарим хүн үздэг бололтой юм байна лээ. Би аливаа зүйлд гүн хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Хүн ер нь өөрийнхөө эдэлж хэрэглэж байгаа зүйлээсээ авхуулаад бүхий л зүйлд хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *