Хүүхэд хүмүүжүүлэхэд огт хэрэггүй 9-н зүйлийн талаар Боловсрол судлаач Г. Төмөрзаяа, сэтгэл судлаач Б. Мягмарсүрэн нар боловсруулжээ.

1. АЛГАНЫ АМТ

“Алганы амт”-аар хүмүүжүүлсэн хүүхэд хэт хүлцэнгүй эсвэл хэт ширүүн хүн болдог. Гэр бүл дотроо “алганы амт” удаа дараа үзэж хүчгүй гэдгээ мэдэрсэн хүүхэд өөр хаа нэг газраас хүчтэй гэдгээ мэдрэх гэж өөрөөсөө бага, дүү нэгэнд дээрэнгүй ханддаг.

2. АЛБАДАХ

Албадаж өсгөсөн хүүхэд бусдыг харж байгаа үед л ажил хийдэг, аливаад сэтгэлээсээ ханддаггүй, бүтээлт сэтгэлгээгүй, санаачлагагүй нэгэн болдог.

3. ЗАНДРАХ

Хүүхдийг чанга дуугаар загнаж, зандарч өсгөсөн хүүхэд  эелдэг дотно байдлыг мартана. Өөрөө ч бусадтай зандарч, түрэмгийлж харилцдаг болно.

4. ДУУЛГАВАРТАЙ БАЙХЫГ ШААРДАХ 

Дуулгавартай байхыг хүүхдээсээ шаарддаг бол бусдын дарамтыг тэвчдэг, хүсэхгүй байгаа ч ҮГҮЙ гэж хэлж зүрхлэдэггүй хүн болж өсдөг гэдгийг санаарай.

5. ҮГЛЭХ

Хүүхдийг үглэж өсгөвөл нэг чихээрээ сонсовч нөгөө чихээрээ гаргаж, бусдыг сонсож чаддаггүй хүн болно. Товч, тодорхой, үлгэр жишээ зааварчилгаа хүүхдэд тохиромжтой.

6. ӨӨЛӨХ

Хүүхдээ шүүмжлэмтгий хүн болгохгүй гэвэл бүү өөлж байгаарай. Урмаар дутаж өөлөгдөж өсвөл хамгийн түрүүнд бусдын алдсан зүйлийг нь харж, хэт шүүмжлэмтгий болно.

7. АМТТАНААР УРАМШУУЛАХ

Хүүхэддээ сайн хүн болж амттанаар урамшуулж өсгөх нь эцэстээ хор уршиг дагуулдаг байна. Ингэж өссөн хүүхэд олз ашигт хэт дурлаж, бусдад тус хүргээд араас нь хариу нэхдэг, бусдын гарыг харамтгай болно. Санаачлагатай байдал сулрана.

8. ХӨНДИЙ БАЙХ

Хүүхдээ аль болох сонсож, ярилцаж байгаарай. Хүүхэдтэйгээ хөндий байснаар бусадтай харилцах харилцаа сул, гэр бүлийн халуун дулаан орчинг бүрдүүлж чаддаггүй нэгэн болох хандлагатай.

9. ХЭТ БӨӨЦИЙЛӨХ

Сүүлийн үед эцэг эхчүүд хүний хүүхдийг өөрийнхөөсөө доогуур үзэж, хүүхдээ хэт бөөцийлөх, хэт анхаарлаа хандуулах явдал ажигладдаг. Ингэж өссөн хүүхэд  бие даах чадваргүй, өөртөө итгэх итгэл бага, идэвх санаачлагагүй хүн болно.

Нэгэнт харилцаа буруу явчихсан бол одооноос алдаагаа давтахгүй байхад анхаараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *