Жилийн өмнө өглөөд 2 гар бадайраад бүр атгаж чадахгүй болтлоо хөшөөд сэрдэг байлаа. Зүрх өвдөхөөр зүүн гар бадайрдаг гэж сонсож байсан. Гэвч зүрх өвдөж мэдэгдээгүй. Өөр ямар нэг зовиур байхгүй болохоор хэсэг тоохгүй явлаа.

Сүүлдээ бүр шөнө дунд гар бадайрч сэрдэг боллоо. За энэ нэг л ноцтой юм боллоо гээд эмчид үзүүлтэл хүзүүний шохойжилт гэсэн онош тавилаа.

Би гайхаад: эмчээ би уг нь байнга иог хийдэг ш дээ. Яагаад, юунаас болоод ингэчихэв? хөдөлгөөн дутна гэж баймааргүй юм даа гэтэл:

Хэдийгээр дасгал хөдөлгөөн хийдэг ч олон цагаар комьпютер дээр ажиллах, ухаалаг утас оролдож удаан суух нь хүзүүний шохойжилт үүсгэдэг. Яг хүзүүнд зориулсан тусгай дасгал хийх хэрэгтэй гэж зөвлөлөө. Тэгээд youtube-с дасгал хайж олоод өдөр бүр хийсээр одоо гар бадайрдаг зовиурыг бараг мартсан байна.

Монголчуудын 69 хувь нь нуруу, хүзүүний шохойжилттой байдаг.

Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол, хүний бүх биеийн жинг үүрэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг.

Эхний шатанд яс болон зөөлөн холбоосууд өөрчлөгдөж эхэлнэ. Остеохондроз бий болсон хэсэг үе үе өвдөх эсвэл тухайн хэсгийн мэдрэх чадвар муудах зэргээр бие организм энэ өвчний тухай мэдээ өгч эхэлдэг байна.
Дараа нь янз бүрийн микро цууралт, нурууны дискний зузаан, өндөр нь өөрчлөгдөх, зэрэгцээ хоёр нурууны үений булчин шөрмөсний холбоос бэхэлгээний байдал өөрчлөгдөнө.

Ийм байдлаас болж булчин, холбоос нь унжих, хоорондын зай өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт гардаг байна.
Нугасны дээд хэсэгт мэдрэлийн судлаас гадна тархины цусан хангамж болон тэнцвэрийн аппарат зэрэг олон чухал төвүүдийг хангах артерийн судас байрлах бөгөөд дээрх өөрчлөлт эдгээрт муу нөлөө үзүүлж эхэлнэ.

Дарагдсан нугас нь артерийн судсыг мөн дарж тархинд очих хүчилтөрөгчийн хангамжийг муутгаж улмаар толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих зэргээр илэрдэг. Мэдрэлийн судал дарагдах үед өөр бусад зовиур бий болдог.
Энэ нь хуруу, бүр бүтэн гар хөшиж өвдөх болон гарны мэдрэх байдал муудах зэрэг юм.

Энэ бүхэн мэдээж гэнэт бий болохгүй. Олон жилийн буруу дадал хэвшлээс бий болно.

Хүний толгой дунджаар 5.4кг жинтэй байдаг. Ухаалаг утсаа ширтэх гээд хүзүүгээ урагш 60 хэм тонгойход толгойн жин 27.2кг болж хүндэрдэг байна.

Энэ хэрээр хүзүүнд ямар их ачаалал ирэх нь тодорхой.

Тиймээс та бяцхан үрсийнхээ болон өөрсдийнхөө ухаалаг утасны хэрэглээнд хяналт тавиарай.

Зайлшгүй олон цагаар суух шаардлагатай үедээ дунд нь заавал завсарлаж, хөнгөн дасгал хийж хэвшээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *