Цай бол монголчуудын эрт үеэс хэрэглэсээр ирсэн гол ундааны нэг бөгөөд одоо ч “Гурван өдөр хоол идэхгүй байж болно, нэг өдөр цай уухгүй байж болохгүй” гэж ярьдаг хүмүүс зөндөө бий.

Монголчууд хөх цайг чанаад сүлж уух буюу сүү хийхгүйгээр хар цай уудаг. Хөх цайн гаднах байдал, өнгөөр нь “Хэвийн цай”, “Хар цай”, “Хавтсан цай” гэх мэтээр нутаг нутгийнхан өөр өөрөөр нэрлэдэг юм. Чанаж идээшүүлсэн хар цайндаа сүү нийлүүлж хийснийг сүүтэй цай гэдэг.

Монголчууд цайг хамгийн хүндэтгэлтэй ундаа гэж дээдэлдэг. Сүүтэй цайг цангах үедээ л уудаг биш, харин цайндаа хурууд, шар тос, өрөм, зөөхий мэтийн цагаан идээ хийх буюу мах борц, боов боорцог зэргийг хийж уудаг. Иймээс цай уух нь бараг хоол идсэнтэй адил юм. Тэрчлэн цайгаа аажуу тавьж уудгаас халуун цайнд дэвтсэн идээ нь алгуур задран уусаж улам ч амттай болдог байна.

Тиймээс сүүтэй цай нь шим тэжээлээр төгөлдөр, өл дарахаар үл барам биед тэжээл нөхөж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, хий шарыг дарж шингээлтийг хурдасгах, цусны эргэлтийг сайжруулах, өөхийг задлах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг.

Цай бол архи, хоолноос өөр бөгөөд их уусан ч биед гэм болдоггүй харин шинэ хуучны солилцоог сайжруулж, бие сэтгэлийг тэтгэдэг.

“Хар ч гэсэн хааны хишиг, бор ч гэсэн богдын хишиг” хэмээн цайг монголчууд дээдэлдэг нь цаанаа гүн утга учиртай байжээ.

Сүүтэй цай нь монголчуудын оршин амьдарч байгаа байгаль орчин, амьдрал ахуйд тохирсон ундаа байсан бөгөөд хүйтэнд биеийг дулаацуулах, унд тайлах, өл дарахаас гадна монголчууд мах их иддэг учир хөх цай илүү уух нь өөхийг шингээж, цусны эргэлтийг сайжруулан өвчин эсэргүүцэх үйлчилгээ үзүүлдэг. Сүүтэй цайны хийц нь өөр бол үйлчилгээ нь өөр байдаг.

Борцтой цай гэвэл ердөө үхрийн махны борцыг жижиглэн хэсэглээд хар цайндаа хийгээд сүү давсыг нь тохируулан хийдэг. Борцтой цай нь өлтэй шимтэй, хаврын цагт байнга уудаг. Хийцтэй цай гэхэд гурилыг шар тосонд шаргал өнгөтэй болтол сайтар хуураад дээр нь идээшүүлсэн хар цайгаа тунгааж халуунаар нь сүлж хийхийг хэлнэ.

Энэ цай нь их зөөлөн учраас ходоод гэдэсний шархлаатай буюу настай хүмүүст илүү тохирдог. Хонины сүүлтэй цайг хийхэд хонины сүүлээ нимгэн хэрчээд бага зэрэг хайрсны дараа гурил буюу будаа нэмж дахин шаргал өнгөтэй болтол хуураад тунгаасан хар цай хийж сүлээд давсаа хийвэл болно. Энэ цай хийг дарж, биед тэжээл өгөн, зүс царайг сайхан болгож, арьс хуурайшихаас сэргийлдэг тустай.

Цоргисон цай гэвэл цайг уурт хийж маш сайн нүдээд шар тосонд хуурч, дээр нь буцалсан ус, давс хийж сайн самарна. Цоргисон цай нь ходоодны галын илчийг сэлбэх, хийг дарах, биеийн тамир тэнхээ нөхнө. Ийнхүү сүүтэй цайг энэ мэтээр олон янзаар чанаж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *