Америкийн бизнесмэн Илон Маскын үүсгэн байгуулсан Neuralink компани Баасан гарагийн орой амьтны тархийг компьютертэй холбох эхний оролдлого нь амжилттай болсныг бодит жишээгээр үзүүлжээ. Энэ удаа тэд гахайны гавлын ясанд суулгасан зоосны хэмжээтэй чипээр дамжуулан тархины үйл ажиллагааг хянаж чадаж байгаагаа харуулсан байна. Neuralink-ийн эцсийн зорилго нь ой санамжаа алдах, зөнөх зэрэг тархины өвчин эмгэгийг ийм замаар эмчлэх арга боловсруулах юм. АНУ-ын засаг захиргаа долдугаар сард тус компанид амьтан дээр туршилт хийх зөвшөөрөл өгсөн юм байна. Тархинд суулгадаг төхөөрөмжийн дараачийн хувилбар нь илүү авсаархан болох гэнэ. “Энэ нь таны гавалд суулгасан Fitbit гэсэн үг” гэж Илон Маск шинэ чипний талаар тайлбарлажээ. Fitbit нь өнөөдөр хүмүүс эрүүл мэндээ хянахад ашигладаг ухаалаг бугуйн цагны брэнд юм.

Энэхүү төхөөрөмж нь гавлын ясанд суулгасан 1,024 электродынхоо тусламжтай тархины эсүүдтэй харилцаж, мэдээлэл солилцох ба авсан мэдээллээ одоохондоо Bluetooth холбоогоор компьютерт дамжуулж байгаа гэнэ. Цаашдаа илүү их мэдээлэл дамжуулах чадвартай радио холбооны технологийг нэвтрүүлэхээр судалж байгаа ажээ. Илон Маск өчигдрийн арга хэмжээг “санхүүжилт босгох зорилгогүй”, “зөвхөн сайн мэргэжилтнүүдийг Neuralink компанид ирүүлэх зорилготой” гэж тодорхойлсон байна. 100 орчим ажилтантай Neuralink компани одоогоор $158 саяын санжүүжилт босгоод байгаагийн $100 сая нь Илон Маскаас гарсан ажээ. Тус компани одоо хүн дээр туршилт хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *