Өвөрхангай аймгийн харьяат МЗЭ –ийн шагналт яруу найрагч, Болор цомыг хэдэнтээ дайлсан Б.Ичинхорлоо. Хаашаа явж буйгаа, хаана хүрэхээ мэдэхээ байчихсан тэртээ 90-ээд оны эхэн үед “Миний Монголын тэнгэрт өдөлсөн бүргэд бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй” хэмээн омог бардам тунхаглаж, ард түмнээ огшоож байсан найрагч бүсгүй. Анх 16 настайдаа анхныхаа шүлгийг бичээд, 17 настайдаа “Болор цом”-д түрүүлж байсан цорын ганц эмэгтэй яруу найрагч.

Ичинхорлоо хүүхэд байхдаа охидтой нэг их нийлээд байдаггүй, ихэвчлэн хөвгүүдтэй нийлдэг, бүр геологич болно гээд шийдчихсэн охин байж. Түүнийг аравдугаар ангиа төгсдөг жил буюу 1990 онд, орон даяар конкурсын шалгалт авалгүй, харин хамгийн өндөр голч дүнтэй хүүхдүүдэд хуваарь өгөв. Анатомийн хичээлээ “дунд”дүнтэй хаалгасан Ичинхорлоод сургуулийн хуваарь олдсонгүй. Учир нь тэр элдэв амьтанаас эхлээд бүр хүний гэдэс дотрын зураг, хорхой шавьжнуудын зургийг харж чадахгүй айдаг байснаас л энэ хичээлээ “дунд” дүнтэй хаалгачихжээ… Ангийнхан нь Улаанбаатар, Архангай, Ховд гээд хол газар, гоё гоё нэртэй аймгуудад их дээд сургуульд явна гээд хөөрөн гүйж явахад Ичинхорлоо Арвайхээрийн хаврын хавсарга дундуур Дэлгэрэхийн булаг өгсөөд гунигтайхан алхаж явав. Гэхдээ тэр хорин мөнгөний арван хоёр хуудастай шүлгийн дэвтрээ хэзээ ч хааж орхиогүй юм.

Тухайн үед, аав Баярхүү нь өвөрхангай аймгийн Арвайхээрийн 15-р баазад тээврийн жолооч байсан болохоор охин Ичинхорлоогоо баазынхаа нийтийн цайны газар ажилд оруулж өгчээ. Тэнд цангинасан дуутай, улаан хацартай, годогносон охин хүн бүрийн гарын үзүүрт зарагдан гүйж, аяга таваг угааж, шөнийн ээлжинд жижүүрт хонож, цалингаа тэсэн ядан хүлээж явахдаа “Бодол”, “Тэнгэр” зэрэг шүлгүүдээ тэрлэж байв. Жижүүрийн өрөө, хоолны ширээн дээр төрсөн түүний эдгээр шүлгүүд тэр жилээ “Болор цом”-ын алтан тайзан дээрээс цуурайтаж, хашир егзөр яруу найрагчдын зүрхэнд нь шар ус хуруулж Монголын яруу найргийн “Мөнгөн үеийн” гэсэн хуудсууд дээр зүй ёсоор бичигдэж, тэрээр өөрөө гол төлөөлөгч нь болсон юм. Энэ сайхан үйл явдлын дараахан түүн дээр их, дээд сургууль, коллежуудын урилгууд хур шиг л буужээ.

Ичинхорлоо тэдний дотроос УБИС-д шинээр нээгдэж байсан Утга зохиолын ажилтны ангийн урилгыг сонгон авсан Болор цомын эзэд болох А.Эрдэнэ-Очир, Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Алтан-өд шагналт Батрэгзэдмаа, яруу найрагч Б.Хишиг-Ундрал, Тэргэл, Баярсайхан нартай тохой залган суух учрал болсон юм. Түүний ханийг П.Товуудорж гэнэ. Эднийх өнөр өтгөн айл. Тэрээр нөхөртэйгөө оюутан байхдаа танилцаж, дөрвөн жил үерхээд өрх тусгаарлан айл гэр болжээ. Б.Ичинхорлоо Товуудаа Гээд л бичсэн олон хайрын шүлэг бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *