Бүх охидын мөрөөдөл хуримын гоёмсог даашинз өмсөж, дурлалт залуудаа хайрын тангараг өргөж, бөгж солилцох мөч байдагтай маргах хүн гарахгүй биз ээ. Харин бие даасан, бэлтэй эрчүүдийн хувьд ч гоёмсог фрак өмсөж, аз жаргалтай амьдралын эхлэл, билэгдэл хуримаа хийхийг хүсдэг. Хэдийгээр энд онцолсон хуримын эзэд “шинэ” амьдрал эхлүүлсэн  ч, тэд цуутай хурим хийсэн нь үнэн билээ. Энэ бол яах аргагүй амьдралын алтан агшин. Тиймээс тэдгээр агшнуудыг эргэн дурсахад юу нь болохгүй гэж. Тийм биз дээ!

Д.Батбаяр&П.Буянбилэг

Анхны сумоч, экс гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр анхны гэргий П.Буянбилэгтэйгээ ёстой дэлхий доргиосон хөлгүй хурим хийж байлаа. Анхны юм бүхэн амттай, аз жаргалтай байдагчлан хосууд анхны хүүхдээ өлгийдөхөд Д.Жавзандулам хатагтай хөл алдан баярлаж, хэвлэлүүдэд буянлаг, оюунлаг бэрээ магтсан, бахархал дүүрэн яриа өгч байв. Гэвч хосууд нэг л өдөр хоёр тийш болж, хүү, охин хоёр нь П.Буянбилэг хатагтайн халамжинд үлдэж, өсч хүмүүжиж буй. Кёкүшюзаны голомт залгах ууган хүүг Б.Батбуян гэдэг бөгөөд аавтайгаа усны дусал мэт адилхан хүү өдгөө 18 настай. Түүний багын зургийг дэлгэ байна. Япон үндэсний кимоно өмсөж, баатарлаг, шийдэмгий төрх тодруулсан бяцхан жентельмэн Шинэ Монгол сургууль дүүргэсэн.

П.Буянбилэг хатагтайн хувьд нүдээрээ инээсэн, тун ч буянлаг хөөрхөн төрхтэй. Тэрээр дипломатч Пүрэвсүрэн хэмээх эрхмийн эрх танхи бага охин. Бага наснаасаа харийн хэл, соёлоос суралцаж, харьцангуй оюунлаг, элит гэр бүлд төрж өссөн нь П.Буянбилэг хатагтайн гадаад төрх, үг, үйлдэл бүрээс харагддаг.

Тухайн үед гадаадад суралцаж байсан П.Буянбилэг хатагтай ёстой залуу халуун насны хайр болоод бүх зүйлээ эрхэм сумоч өгсөн гэдэг. Анхны хүү Батбуянгаа төрсний дараа тэд Монгол, Япон дамнасан хөлгүй их хурим найр хийж, хэзээ ч салахгүй мэт тэдний аз жаргалтай фото зураг бүхий мэдээллүүд хэвлэлүүдийн нүүр хуудсыг чимж байлаа.

Эр эм байтугай эрүү, нүүр салдаг гэгчээр Д.Батбаяр сумочийг зодог тайлах үетэй зэрэгцэн тэдний харилцаанд ан цав сууж эхэлсэн байдаг. Боловсрол мэдлэг, угсаа гарал, амьдралд хандах хандлага, оюуны зэрэг зиндаагаараа хосууд бие биенээсээ хол ялгаатай нөгөө талаар Д.Батбаяр гишүүний утсан дээрээс эвгүй видео бичлэг олдсон нь тэртэй тэргүй холдож, хөрсөн тэдний харилцааг таслах эцсийн зогсоол нь байсан гэдэг.

Эрхэм сумоч 2000 оны эхээр Их хуралд сонгогдсоныхоо дараа эхнэрээсээ өрх тусгаарласанаа албан ёсоор зарлаж, дуучин Т.Баясгалантай амьдраад 10 гаруй жил болж буй.

Д.Дагвадорж&Г.Тамир

Их аварга Д.Дагвадорж 2000 оны эхээр урьд хожид Монголчуудын үзэж байгаагүй нижгэр хурим хийж байсан билээ. Их аваргын анхны гэргий Гомбоцэрэнгийн Тамир гэгч бүсгүй Германд дээд боловсрол эзэмшсэн нэгэн. Аваргыг нэг нүдээрээ ч хардаггүй шахам байсан Г.Тамир нэг л өдөр Дагваагийн “уран аргад” унажээ.

Тэр үед Г.Тамир Германд сурч байсан гэдэг. Тэгээд л шинэхэн залуус Герман Японоос утас, и-мэйлээр тогтмол захиа шидэцгээж, амралтын үеэр бие биедээ ирж очсоор дотноссон гэлцдэг. Их аваргын хүү, охиныг төрүүлсэн Г.Тамир бүсгүй өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй бол эхнэрээ зодож, элдэвлэдэг байсан гэгддэг Аса аварга өөрөөсөө 14 насаар дүү загвар өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгэж охинтой болсон.

Б.Намуун&Цог

Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намуун өдгөө “Оюуны ундраа” группыг өв залгамжлагч О.Тэнүүний эхнэр болж, үр хүүхдийг нь төрүүлсэн. Бага залуудаа үерхэж нөхөрлөдөг байсан тэд хэсэг хугацаанд холдож, хоёр тийш болох зуур Б.Намуун гэх бүсгүй одоогоос 10-аад жилийн өмнө буюу 2012 онд Цог гэх залуутай нүсэр хуримлаж байв.

Тэдний хурим Хөвсгөлийн хөдөө аралын нэгэн нэр хүндтэй жуулчны баазад болсон бөгөөд зочидоо нийслэл хотоос нисдэг тэргээр зөөж байсан гэдэг. Гэвч хосуудын амьдрал хоёр жил ч бололгүй, хоёр тийш болж, Цог залуу экс эхнэртэйгээ амьдаа Намуун гэдэг өөр бүсгүйтэй ханилаад “алга болсон”.

Г.Магнай&Дэнсмаа

Бидний сайн мэдэх “МТ” бензин түгээгүүрийн эзэн ноён Б.Ганзориг Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Нэгэн цагт Б.Бат-Эрдэнэ аваргад 40 саяын үнэтэй жийп бэлэглэж нүнжигээ гайхуулж байсан энэ ноёнтны ууган хүүгийнхээ нэрээр нэрийдсэн  “Магнай трейд” компани нь түүнд ээлээ өгч өдгөө тэрбээр Монголын нефтийн салбарын нэг магнатын суудалд эзэн суух болсон.

Тэрбээр Магнай, Дашням, Содбаяр хэмээх 3 хүүтэй. Ууган хүү Магнай нь 2009 онд хөлгүй хурим хийж удаа ч үгүй ачийн зулай үнэрлүүлсэн. Тэрхүү ачтай, азтай бүсгүй бол нэгэн үе “S music” хөгжмийн сувагт хөтлөгч хийж байсан Дэнсмаа. Ард түмний дунд Ягаан Гажид нэрээрээ алдаршсан жүжигчин Цэнд-Аюуш агсны ач охин тэрбээр  СЭЗДС-ийг дүүргэсэн. Тэд “9009” уран сайхны киноны нээлт дээр анх бие биенээ харсан бөгөөд “Хит”-ийн Давааням агсан тэднийг танилцуулж байжээ.

Тэдний хурим 2009 оны 9-р сарын 8-нд болсон бөгөөд  нийтийн жишгээр Хуримын ордонд ёсолж, цайллагаа “Баянгол” ресторанд хийж үдшийн party-гаа харин “Камертон”-ы Эбагийн Level lounge-д үргэлжлүүлсэн аж. Мэдээж хуриманд эцгийнх нь бизнесийн цар хүрээ, нэр хүндийг аваад үзсэн ч Монголын улс төр, бизнесийн томчууд хүрэлцэн ирж хосуудын амьдралд аз жаргал хүссэн. Энэ бүхнээс илүү энэ үдэш Монголын рок попын одод жинхэнэ десант буулгаж, хосуудад бэлэг барихаар дугаарласан гэж болно. Хуримын урлаг уран сайхны хэсгийг поп хатагтай Сараа ахалж, “Камертон”, “Киви”, буржгар Жагаа гавьяат, Дашка гавьяат, Хаянаа гээд тэр бүр нэг дор цугладаггүй одууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж байв. Хамгийн сонирхолтой нь хэсэгтээ л тарсан уу гэмээр нэг тайзан дээр хамтдаа гараагүй “Камертон”-ы дөрөв олон жилийн дараа анх удаагаа энэ хуримын тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч байв. Ингэж рок попын томчуудыг нэг дээвэр дор цуглуулсан хуримын party дээр сүйт бүсгүй хөл хүндтэй болсноо найзууддаа хэлж сюрприз барьж байлаа. Энэ бол тэдний сэтгэлд үлдсэн дурсамж.

Харин тэд хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа хоёр тийш болсон. Дэнсмаа бүсгүй салалтынхаа дараа хүүгээ хадмууд дээрээ орхиж, Австриал улсад санхүүч мэргэжлээр суралцаж ирээд өдгөө Монголбанканд ажиллаж буй. Магнай Дэнсмаа хоёрын хэн хэн нь чимээгүйхэн шинэ амьдралаа эхлүүлсэн.

Л.Ган-Эрдэнэ&Халиунаа

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ экс гэргий Халиунтайгаа  албан ёсоор хуримаа хийж байгаагүй. Энэ зургийн тухайд “Дурлалыг юутай зүйрлэх юм бэ?” дууны клипэнд тоглохдоо татуулсан кадр. Клипний ачаар “хуримаа хийсэн” Халиунаа тухайн үед “Ямар гоё юм бэ, үнэнээсээ ингэж хуримлавал гоё юм байна” хэмээж байжээ. Тэд энэ клипэнд гэр бүлээрээ тоглохдоо гал хамгаалагчийн гэр бүлийн дүрийг тун ч гайхалтай үнэмшилтэй бүтээсэн тул “UBS music video awards” наадмаас шилдэг дүр бүтээлт шагналын эзэн болж байв.

Сонирхуулахад клипний төгсгөл хэсэгт Л.Ган-Эрдэнийн охин нэг их уйлдаг хэсэг байдаг. Энэ хэсэг клипний зохиолд байгаагүй бөгөөд тухайн үед “Манай гал хамгаалагч Ган-Эрдэнэ ажлаа хийж яваад харамсалтайгаар халуун амиа алдлаа” хэмээн хэлэхэд охин нь том дуугараад уйлчихсан байна. Ингэж энэ клип бүр ч үнэмшилтэй, сайн бүтээл болж чадсан байна. Гэргий нь ч гэсэн “Ганааг чи нас барчихсан гээд боддоо” гэхэд л хар аяндаа нулимс нь урсчихсан гэдэг. Тэдний охин өдгөө 14 настай.

Харин дуучин Ган-Эрдэнэ “Жигүүр гранд”-ийн том охинтой хуримлаж, дэрсхэн 3 хүү төрүүлсэн.

Жүжигчин Бидо&Ари

2018 оны зун “Маск” продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар олон хүний атаархал төрүүлэм дуулиант хурим хийж байв. Тэдний хурим цахим ертөнцөөр нэг тархаж, тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтаж байсан цаг саяхан.

Гэвч хуримнаасаа хойш яг нэг жилийн дараа 2019 онд хоёр тийш болсон. Тэдний салалтын шалтгаан нь жүжигчин Мишээл Бидотой учир ургуулж, энэ бүхнийг эхнэр Ари нь газар дээр нь гардсан гэх.

Энэ бүхний дараа Ариунцэцэг буюу Аригийн бичсэн постууд хууралтыг дэмжихгүй байгаа талаар болон уучилж чадахгүй гэсэн утга бүхий зүйлс бичих болсон. Харин Бямбадорж буюу Бидо зүрхэн тус газраа эхнэр болон охиныхоо нэрийг хэдхэн хоногийн өмнө шивүүлсэн байх бөгөөд үүрд хэмээх тайлбартайгаар инстаграмм хуудаснаа оруулж байв.

Өдгөө Ари шинэ амьдрал эхлүүлж, шинэ үрийн зулай үнэрлэх гэж буй. Харин Бидо гоонь эрийн амьдралаар амьдарч байна.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *