Үнэ цэнэ гэж юу вэ? Энэхүү асуултанд хариулт олохын тулд бид эдийн засгийн шинжлэх ухаан руу өнгийх зайлшгүй шаардлага урган гарна. Учир нь эдийн засаг гэдэг нь үнэ цэнэ гэх зүйлийг судалдаг ухаан. Хэдий “Үндэстнүүдийн баялаг” ном гарсан цагаас буюу 1776 оноос хойш эдийн засаг гэдэг шинжлэх ухаан гэдэг утгаараа хөгжиж чадсан. Гэхдээ энэхүү ухааны үндэс суурь нь хүн төрөлхтөн иргэншин амьдарч эхэлсэн цагаас буюу МЭӨ 3000 орчим онд Месопотом-д бий болсон аж. Хэрхэн бий болсныг байгалийн шинжлэх ухаан болон эдийн засгийн ухааныг харьцуулах замаар тайлбарлая. Хоёр ширхэг мод ургаж байлаа гэж саная. Тэгвэл тэрхүү хоёр мод хоорондоо хэрхэн таталцаж байна, ямар бүтэцтэй байна, яаж ийнхүү ургасан бэ гэдэг асуултад хариулахаар байгалийн шинжлэх ухаан үүссэн аж. Гэтэл хүн өөрөө агуу их эготой болохоороо бүх зүйлийг өөрөөс дорд үзнэ. Ингээд би, би гэх үзлээрээ энд хоёр мод байгаа л биз, хоорондоо таталцаа л биз. Надад ямар хамаа байх вэ дээ.

Харин энэ хоёр мод надад ямар хэрэгтэй байж болох уу гэж харсан байгаа юм. Ийнхүү аливаа юмс бүхнийг өөр нэг зүйлд хэрэгцээтэй байдлаар тодорхойлж эхэлсэн ба үүндээ үнэ цэнэ гэх үгийг ашиглаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл юмсийн шинж чанарыг тодорхойлдог масс, нягт гэх үзүүлэлтүүдтэй адилаар үнэ цэнэ гэх үзүүлэлт нэмсэн гэсэн үг. Үнэ цэнэтэй зүйл байна гэвэл цаагуураа хүнд хэрэгтэй эд байна л гэсэн үг юм. Гэтэл сонирхолтой нь тэрхүү үнэ цэнэ гэх зүйл нь нэмэгдэж, хасагдаж, шилжиж үгүй ер нь яаж ч болдог эд аж. Нэг өдөр ямар ч үнэ цэнэгүй байсан зүйл маргааш нь хэмжээлшгүй их болох боломжтой юм. Үүнтэй уялдан хүн төрөлхтөнд тэрхүү үнэ цэнэ хэрхэн үүсэж байна, яавал илүү их бий болох боломжтой байна, яавал хамгийн урт хугацаанд үнэ цэнэтэй байхаар байна гээд олон асуулт гарч ирсэнд хариулт өгөхөөр эдийн засгийн шинжлэх ухаан үүссэн байгаа юм. Хэрэв та бүхэн үнэ цэнийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл Карл Марксын Капитал (Karl Marx — Das Kapital, 1867) номноос эхлээд Мариана Мазукато-н бүх зүйлийн үнэ цэнэ (Marianna Mazzucato — The value of everything, 2018) гэх ном хүртэл уншаарай гэж зөвлөмөөр байна. Үр дүнд нь та 150 гаруй жилийн хугацаанд үнэ цэнэ гэх ойлголт хэрхэн өргөжсөн болохыг ойлгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *