Есдүгээр сарын тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг танилцуулах үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

– МҮИС саяхан тусгаарлах байрны зориулалтын сургуулиа ашиглуулсан. Одоо удахгүй хичээл эхлэх гэж байгаа. Байрыг нь дахиж ашиглах уу?

– Тусгаарлах байраар ашиглуулж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнгөрсөн удаагийн хэд хэдэн нислэг авсныхаа дараа элэгдэл хорогдол гарч байна, ямар ч ашиггүй хүнд нөхцөлд байна гэж Шуурхай штабд хүсэлтээ гаргаад цаашид ашиглуулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн тохиолдлууд бий.

МҮИС-ийн хувьд Энэтхэгээс ирсэн ламхай нарыг авсан. Дахиж тус сургуулийг тусгаарлах байраар ашиглах төлөвлөгөө байхгүй.

– Гадаадад коронавирусийн халдвар авсан хэчнээн монгол иргэн байгаа вэ?

– Энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яам мэдээллийнхээ үеэр өгсөн. Нэмэлт тайлбар хэлэхэд хилийн чанад дахь Элчин сайдын яамдаар дамжин ирж буй мэдээллийг бид ЭМЯ-нд тухай бүр хүргүүлдэг. Гэхдээ тухайн иргэн өөрөө мэдээллээ хамгаалах үүднээс тухайн Элчин сайдын яамдаа хүсэлт гаргаагүй бол мэдээллийг нь өгдөггүй. Иймд бидэнд байгаа тоон мэдээлэл бодит мэдээлэлтэй зөрөх магадлалтай.

– Тийзний үнэ бүгд өөр үү?

– Тийзний үнэтэй холбоотой асуудлыг МИАТ компани тайлбарлаж байсан. Мэдээж хэрэг чиглэл бүрт тийзний үнэ ялгаатай. Энэ нислэгүүд ашиг олох нислэг биш гэдгийг МИАТ компанийнхан сайн ойлгож байгаа тул иргэдийн нислэгийн тийзээс ашиг олохгүй гэдгийг хэлж байсан.

Нэг зүйлийг тодотгоход Сөүлийн чиглэлийн нислэг өнгөрсөн 5,6 дугаар сард 1.4 сая орчим байсан бол одоогийн нислэг нь 1.1 сая болж буурсан байна лээ. МИАТ компаниас дэлгэрэнгүй асуухыг хүсье.

– БНСУ-д халдвар авсан иргэдээс Элчин сайдын газраар үйлчлүүлсэн гэсэн. Тус газар ямар арга хэмжээ авагдаж байгаа вэ?

– Халдвар авсан найман иргэний нэг нь наймдугаар сарын 12-ны өдөр Элчин сайдын яамны Консулын хэлтсээс үйлчилгээ авсан. БНСУ-д өвчлөл их байгаатай холбоотойгоор өндөржүүлсэн байдалд ажиллаж, хувийн аюулгүй байдлыг сахиж байгаа. Хавьталд орсон байж болзошгүй Консулын хэлтсийн ажилтанд /нэг иргэн/ холбогдох шинжилгээг хийж, гэрээр тусгаарласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *