Бусдын хийсэн алдааны төлөө өөрийгөө зовоохыг уур хэмээнэ. Аз жаргалтай өнгөрүүлэх хором бүрээ бусдын алдааг шүүхэд бүү зарцуулаарай. Тэдгээд хүмүүс нэг л өдөр алдаа дутагдлаа ухаарах учир тэр хүртэл зүгээр л дуугай өнгөрүүлэх нь өөрийгөө зовоохгүй байх нэг шалтаг аж.. “Алдаа ухаан хайрладаг” гэх үг бий. Тэгэхдээ алдаагаа ухаарсан хүн ухаажина уу гэхээс ухаараагүй нь улам лав алдах муруй замаар мунхаглан зүтгэнэ. Алдаа – ухаантай хүмүүсийн амьдралын замд сайн зөвлөгч, ухаан муутанд замын садаа. Адгийн муугийн дотор ч ачлалт сайн эс ширхэг оршино. Алдаа хор уршигтай ч ухаарал өгч ухаажуулдгаараа хожмын үйлст тустай. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Амьдрал баян болохоор бүх хүн их, бага хэмжээгээр алдана, ухаалаг хүмүүс нь алдаагаа хүлээн зөвшөөрдөг.

Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь алдахгүй байхаас нэг их хол дутахгүй ач тусаа өгнө. Алдаж эндсэнээ хүлээн зөвшөөрч буй хүн алдаа хийсэндээ гэмшиж, түүнээсээ сургамж авч, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй байх санамж сэрэмжээ сэргээж байдаг сайн талтай. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хүний сайн чанаруудын нэг, хүн болгонд тэр бүр бэлэн байгаад байдаггүй чадвар. Алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, биеэ утга учиргүй өмөөрөн, дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс дахин ноцтой алдаж, хүчтэй ойчих нүхээ өөрийн гараар ухаж байдаг. Алдаагаа бусдын нүүрэн дээр ил хүлээн зөвшөөрөхийг бардам зан чинь багалзуур дээр чинь тээглүүлээд байвал дор хаяж дотор сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Эс тэгвээс өөрийгөө санаатайгаар хорлох мунхаг үйлдлээ дахин давтсаар байгаагаас өөрцгүй. Урьд урьдын алдаагаа ухаарч байвал өнөөгийн хийгээд маргаашийн алдаанаас сэргийлэхэд тус болно. Алдаагаа хүлээн зөвшөөрөх эр зориг, сэтгэлийн тэнхээтэй байх нь алдаанаасаа ухаажих онцгой чухал чанар гэдгийг ялангуяа залуучууд ой тойндоо тогтоож авах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *